Би өвөлд дургүй хирнээ цасанд бол дуртай. Гэхдээ цасан шуурга биш, зүгээр л зөөлөн будрах цасан ширхэгийг доороос нь харах их дуртай. Яг л салхинд хийсэх цэцэгсийн дэлбээ шиг нэг нэгээрээ эргэлдэн буух ширхэгүүд ид шидийн гэмээр увдистай мэт санагддаг. Удаан хараад зогсоход яг л дээшээ нисэж байгаа юм шиг, хязгааргүй огторгуй өөд дүүлж байгаа юм шиг л нэг сонин бас гайхалтай мэдрэмж төрдөг. Бүгд л зөвхөн надруу чиглэн ирж байгаа юм шиг. Цасан ширхэгүүд нүүрэн дээр минь зөөлөн бууж, халуун илчинд минь хайлан, тэр дороо бүлээн болон урсах ч удалгүй хөрч жиндүүлнэ. Гэсэн хэдий ч сэтгэлд өгдөг дулаан илчээ хэзээ ч хөргөж үл дийлнэ. Цастай холбоотой, цасны тухай дурсамжууд бүгд л тэр ширхэгүүдээр дамжин над дээр бууна. Магадгүй би дурсамжаараа амьдардаг байж болох. Гэхдээ сэтгэлийн хөг хөндсөн дурсамж бүхэн ирээдүйг минь тольдон байдгийг хүмүүс мэдэхүй л байх.
Цасан ширхэгүүд буухдаа бүгд л нэг зүйлийг зүрхэнд шивнэнэ. Нэг л зүйлийг...
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment